
Эх орныхоо байгалийг ариун дагшнаар нь ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх, үзэсгэлэнт байгаль, бахархам түүх, соёл, олон мянган жилийн турш өвлөгдөн ирсэн байгаль орчинд ээлтэй хэв маяг, зан заншлаа таниулах нэр төртэй үүргийг байгаль хамгааллын салбарт ажиллагсад бид хүлээдэг.
Ард иргэдийн Үндсэн хуульд заасан байгаль орчноо хамгаалах журамт үүргээ биелүүлэх орчныг бүрдүүлэх, өдөр тутмын амьдрал болон бизнесийн хэв маягийг ногоон болгох, байгаль, орчныг хамгаалах тогтвортой менежментийг хөгжүүлэх үйлсэд иргэн, аж ахуйн нэгж, хүүхэд залуусын оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарыг аймаг, улсын хөгжилд томоохон хувь нэмэр оруулдаг болгох хариуцлага бидэнд давхар ногдож байдаг.
Байгаль орчиндоо ээлтэй “Ногоон хөгжлийн загвар аймаг” болох томоохон хэтийн зорилтыг дэвшүүлж,байгалийн нөөцийг хэмнэлттэй,үр ашигтайгаар ашиглах, дэвшилтэт цэвэр технологийг эрчим хүч,дэд бүтэц,үйлдвэрлэл нийгмийн амьдралд нэвтрүүлсэн ногоон эдийн засгийг хөгжүүлэх замаар ногоон амьдралын хэв маягийг нийгмийн хүрээнд төлөвшүүлэхээр зорьж байна.
Байгаль орчноо хайрлан хамгаалах,эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх,иргэдийн буруу дадал хандлагыг өөрчлөх, эерэг соелыг төлөвшүүлэх, зөв үйлдэлд уриалах ажлыг иргэд, олон нийтэд олон давтамжтай хүргэх, нийтийн цахим сүлжээг өргөн ашиглах,төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
“Ховд аймаг нь нийт газар нутгийнхаа 53.5 хувийг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авсан, байгалийн унаган төрх нь харьцангуй хадгалагдан үлдсэн, аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлыг аймгийнхаа тэргүүлэх зорилтуудын нэг болгон тавьж “Мөнгөлөг шагшуурга” цас, мөсний баяр,“Цайны зам өв соёлын наадам” зэрэг томоохон эвент бүтээгдэхүүнийг тогтмол зохион байгуулж, иргэд олон нийт олноор хамардаг томоохон арга хэмжээнүүд болж хэвшиж эхлээд байна.
Цаашид аялал жуулчлалыг хөгжүүлэх,байгаль хамгаалах, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэн, төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо, бүхий л түвшний оролцогч талуудтай хамтран ажиллахад анхаарлаа хандуулан ажиллаж байна
Тарьсан болгоноо ургуулж, газар тариалангийнхаа үр шимийг амьдралынхаа эх үүсвэрийн нэг болгосон, ажилч хичээнгүй хөдөлмөрч Ховдчууд минь эрт дээр үеэс “Онгон дагшин байгаль эхээ хамгаалах ажлыг үлгэр домог,тууль зэрэг өв соёлоороо дамжуулан үр хүүхдэдээ сурган хүмүүжүүлж ирсэн баялаг түүхтэй ард түмэн билээ.
Цэвэр, ариун сайхан байгаль дээр хүн бүр санаа зовох зүйлгүй,сэтгэл амар үр хүүхдийнхээ баяр хөөрөөр бахдан цэнгэсэн эрүүл орчинд энх тунх, урт удаан наслах болтугай гэсэн сайхан ерөөлийг Ховдчуудаа дэвшүүлье.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.